Бүтээгдэхүүн

Малын Индексжүүлсэн Даатгал

1999-2002 онд ган зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлээс нийт 11.2 сая мал хорогдож манай орны эдийн засагт 333 тэрбум төгрөгийн шууд хохирол учирснаас үүдэн Монгол Улсын Засгийн Газар, Дэлхийн Банк, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын хандивлагч нартай хамтран Монгол орны зах зээлийн судалгааг 2001 оноос эхлэн хийж, энэхүү хүндрэл бэрхшээлийн эсрэг дэлхийн жишигт нийцсэн даатгалын тогтолцоог нэвтрүүлбэл үр дүнтэй байж болохыг тогтоосон. Улмаар өнөөгийн нөхцөлд индекст суурилсан малын даатгалын хэлбэр Монгол Улсын хувьд тохиромжтой эсэхийг тогтоох зорилгоор “Малын индексжүүлсэн даатгал төсөл”-ийг газар зүйн бүс бүсийн онцлогийг илэрхийлэхүйц аймгуудыг сонгон туршилтын журмаар 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Зуд турхан, байгалийн гамшигт үзэгдлийн дараа малчдын амьжиргаа доройтдог эмзэг байдлыг бууруулж тогтвортой болгох, ингэхдээ зөвхөн даатгалд хамрагдсан малчдад зохих хэмжээний даатгалын нөхөн олговрыг олгож хохирлыг нөхөх, бэлэн мөнгө, мал олгож малчдыг бэлэнчлэх сэтгэлгээнд сургахаас зайлсхийх, даатгалын салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, улмаар даатгалын компаниуд энэхүү өвөрмөц аргачлалаар малыг даатгаж олон улсын жишгийг даган зах зээлийн зарчмаар цаашид хөгжих боломжийг нэмэгдүүлэх, зуд болон байгалийн гамшигийн үед Засгийн газрын үүрэх ачааг хөнгөвчлөх, гамшигийн хохирлыг дан ганц төрөөс хариуцах биш тодорхой хэсгийг хувийн хэвшил, олон улсын байгууллага /давхар даатгал/-ын хөрөнгийн эх үүсвэрээр арилгах тогтолцоог бий болгох, энэхүү тогтолцоог тогтвортой оршин тогтнох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой юм. МИД төслийн хүрээнд 2006-2017 онд 12 удаагийн борлуулалтаа хийж, 11 удаагийн нөхөн төлбөр олгоод байна. Даатгалд хамрагдаж байгаа малчдын тоо болон хураамжийн орлого жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь МИД хэрхэн үр дүнтэй, ач холбогдолтой даатгал болох нь харагдаж байна. Нийт давхардсан тоогоор 136,000 орчим малчин өрх даатгалд хамрагдаж, 20,800 орчим малчин өрх нөхөн төлбөр аваад байна.

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд үндэслэн 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн Газрын 280 дугаар тогтоолоор Монгол Улсад хөдөө аж ахуйн давхар даатгалын тогтолцоог шинээр бий болгох зорилго бүхий 100 хувийн төрийн эзэмшлийн “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хаалттай хувьцаат компани үүсгэн байгуулагдсанаар Малын индексжүүлсэн даатгал төслийн үүрэг функц нь “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн мэдэлд шилжсэн.

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь малын индексжүүлсэн даатгалын анхны борлуулалтаа 2015 оны 4-р сарын 1-нээс 7-р сарын 15-ны өдрийн хооронд оролцогч даатгагч нар болох Монгол даатгал, Тэнгэр даатгал, Бодь даатгал, Практикал даатгал, Монре даатгал, МИГ даатгалын компанийн 21 аймгийн салбар, даатгалын төлөөлөгчөөр дамжуулан амжилттай хэрэгжүүлсэн.

2016 оны 4-р сарын 1-нээс 2017 оны 7-р сарын 31-ний хооронд Ард даатгал, Бодь даатгал, Монре даатгал, Монгол даатгал, МИГ даатгал, Практикад даатгал, Тэнгэр даатгал, Хаан даатгалын 21 аймгийн салбар, даатгалын төлөөлөгчөөр, зуучлалын борлуулалтаар Төрийн банк болон Хаан банкны аймаг, сумдын бүх салбараар, 2017 оны 2-р сарын 1-нээс 6-р сарын 30-ны хооронд  Ард даатгал, Бодь даатгал, Монре даатгал, Монгол даатгал, МИГ даатгал, Номин даатгал, Практикад даатгал, Тэнгэр даатгал, Хаан даатгалын 21 аймгийн салбар, даатгалын төлөөлөгчөөр, зуучлалын борлуулалтаар Төрийн банк болон Хаан банкны аймаг, сумдын бүх салбараар тус тус дамжуулан гурав дахь жилдээ Монгол улс даяар амжилттай хэрэгжүүлээд байна.

МИД-ын талаарх малчид, иргэдийн ойлголт сайжирч ач холбогдлыг нь танин мэдэж МИД-ыг борлуулах зах зээл, худалдан авах эрэлт байгааг харуулж байна. Төсөл хэрэгжсэн 2006-2014 онуудад даатгуулсан малчин өрхөөс нийт 6,8 тэрбум төгрөг төвлөрүүлж, үүнээс 4,7 тэрбум төгрөгийг эрсдэл тооцсон хураамжинд, 2,1 тэрбум төгрөгийг даатгалын үйл ажиллагааны зардал болгон авсан байна. Харин 2006-2013 онуудад 15,619 малчинд нийт 3,2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ. Малчид МИД-д төлсөн хураамжийн хэмжээ, тухайн орон нутагт гарсан эрсдэлийн хэмжээтэй уялдан харилцан адилгүй нөхөн төлбөрийг авч байна.

Өнгөрсөн 2006 оноос хойш Засгийн газрын нөөцийн дансыг жил бүр байгуулан малчдын мал сүрэгт учрах тодорхой хэмжээний эрсдэлийг хамгаалж ирсэн. 2007, 2008, 2009 оны нөхөн төлбөр Малын даатгалын дундын данс болон Засгийн газрын нөөцийн дансыг давж Дэлхийн банкны нөхцөлт зээлийн хөрөнгөөс санхүүжүүлсэн байна. Харин 2010-2013 онуудад Засгийн газрын нөөц хуримтлагдаж 1,5 тэрбум төгрөгт хүрээд байна. 2010 оны борлуулалтын улирлаас эхлэн дунд түвшний эрсдэлийн тодорхой хэмжээний эрсдэлийг олон улсын давхар даатгагчид даатгуулах зорилгоор нилээдгүй судалгаа, уулзалтуудыг хийсний үр дүнд анхны гэрээг СКОР (SCOR) компанитай байгуулсан юм. Харин 2012 оны борлуулалтын улирлаас Засгийн газрын хариуцах эрсдэлийг бууруулах зорилгоор давхар даатгуулах ажлыг эхлүүлж, олон улсад нэр нөлөө бүхий тэргүүлэгч давхар даатгагчид МИД-ыг танилцуулж, судалгаа хийсний үндсэн дээр СвиссРе (SwissRe) компанитай давхар даатгалын гэрээ байгуулсан. Одоогоор жил бүр давхар даатгалын гэрээгээ шинэчлэн бусад олон улсын давхар даатгагч нартай байгуулаад байна. МИД-ын хүрээнд гарч болзошгүй нөхөн төлбөрийг Дэлхийн банкны нөхцөлт зээлийн бус хөрөнгөөр санхүүжүүлэх чадавхийг дээрх байдлаар жил бүр нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж байна. Төслийг хэрэгжүүлж эхэлсэн 2006 онд Дэлхийн банкны нөхцөлт зээлийн бус хөрөнгөөр санхүүжүүлэх 122 сая төгрөг байсан бол хэрэгжилтийн үр дүнгээр 2014 оны байдлаар 5,1 тэрбум төгрөгт хүрээд байна.

2014 оны 06-р сарын 13-ны өдөр батлагдсан “Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль” 6 бүлэг 29 зүйлтэй бөгөөд энэ хуульд даатгалын үйл ажиллагаанд баримтлах зарчим, малын хорогдлын босго үзүүлэлт, даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийн түвшин тогтоох, эрсдэл хуваарилах, нөхөн төлбөр олгох асуудал, МИД болон давхар даатгалын үйл ажиллагаа, МИД-ын даатгалын сан, түүний төрөл, хэлбэрийн талаар тусгаж, хуульчилсан.

Малаа даатгуулах үлгэрчилсэн жишээ

Хөвсгөл аймгийн Түнэл сумын малчин Сүх 18 адуугаа МЭД-д даатгуулахаар даатгалын төлөөлөгчтэй уулзаж, гэрээгээ байгуулахаар шийджээ.

Хөвсгөл аймгийн нэгж адууны үнэ 300 000 төгрөг, Түнэл сумын адууны хураамжийн хувь нь 1,69% байна. Эхлээд малчин Сүхийн адууны нийт үнэлгээг тодорхойлон гаргаж, малчин Сүхээс авах хураамжийг тодорхойлъё.

Нийт малын үнэлгээ = 18 x 300 000₮ = 5 400 000₮

Малчин Сүх адуугаа 100%-аар үнэлэн даатгуулсан гэвэл:

Даатгалын хураамж = 1,69% x 5 400 000₮ = 91 260 ₮

Хэрэв малчин Сүхэд 91 260 төгрөг бэлнээр байхгүй байвал адууныхаа үнэлгээг доош нь бууруулж болно. Малчин Сүх 5 400 000 төгрөгний дээд үнэлгээтэй адуугаа 3 000 000 төгрөгөөр үнэлэн даатгуулсан гэвэл хураамжийн хувийг тооцоолъё.

Малчин Сүхийн төлөх хураамж = 1,89% x 3 000 000₮ = 56 700 ₮

төлж адуугаа даатгуулж болно. Тухайн төрлийн малынхаа үнэлгээг аль болох зах зээлийн ханшаар даатгуулж заншихыг анхаарах хэрэгтэй.

Одоо эргээд авах нөхөн төлбөрийг тооцъё. 2011 оны хагас жилийн мал тооллогоор Түнэл сумын адуу 15% хорогдсон гэж үзвэл малчин Сүхийн авах ёстой нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлъё.

Нөхөн төлбөр олгох хувь = 15% - 6% = 9%

Малчин Сүхийн авах нөхөн төлбөр = 9% x 3 000 000 = 270 000₮- ийг авна.

Харин 100%-аар үнэлэн даатгуулсан бол

Нөхөн төлбөр = 9% х 5 400 000 = 486 000₮

- ийг авна.Хэрвээ сумын хорогдол адуун сүргийн хувьд 5% гарвал малчин Сүх нөхөн төлбөр авахгүй болохыг ахнаарна уу.

Борлуулалтын үр дүн

МИД-ийн борлуулалтын тайлан

Он
Монгол хэл дээр
English
2017
2016
2015
2014
2013
2012
2011
2010
2009
2008
2007
2006

 

Нөхөн төлбөрийн үр дүн

Малын индексжүүлсэн даатгалд 2006 оноос хойш давхардсан тоогоор 110 мянга орчим малчин малаа даатгуулсан ба тэдгээрийн 21 мянган малчин өрх нь буюу 19.1 хувь нь тодорхой хэмжээгээр нөхөн төлбөр авсан байна.

2006-2016 оны хооронд нийт 9.9 тэрбум төгрөгийн хураамжийн орлого цуглуулж, 3.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг малчдад олгосон байна.