Бидний тухай

Захирлын мэндчилгээ

Г. Энхтайван
Гүйцэтгэх захирал

Сайн байна уу,

Манай компанийн цахим хуудаст зочилж буй эрхэм танд хувийнхаа болон компанийнхаа хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Хөдөө аж ахуйн салбар бол манай улсын хөдөлмөр эрхэлж буй хүн амын 40 гаруй хувийг хамарсан эдийн засгийн тулгуур салбарын нэг бөгөөд ДНБ-ийн 20 хувийг дангаар үйлдвэрлэж байна. Нөгөөтэйгүүр эрс тэс хатуу ширүүн уур амьсгалтай манайх шиг орны хувьд энэ салбар ихээхэн эрсдэлтэй байдаг тул энэхүү салбарт ажиллаж буй иргэдийн бизнесийн тогтвортой байдлыг хангах зорилгоор даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх нь ихээхэн чухал юм.

Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний 80 хувийг үйлдвэрлэж, хүн амын 35 хувийг бүрдүүлж буй малчин түмнийхээ эрдэнэт мал сүргийг ган, зуд гэх мэт байгалийн үзэгдэл, малын хулгай, чононд бариулах гэх мэт урьдчилан сэргийлэх боломжгүй эрсдэлээс хамгаалж, хөдөлмөр эрхлэгч хүн амын ажил эрхлэлтийг дэмжихэд 2005 оноос хойш Монгол Улсын засгийн газраас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж, төсөл хэлбэрээр танигдсан “Малын индексжүүлсэн даатгал” багагүй үүрэг гүйцэтгэж, малчдын талархлыг хүлээсэн билээ.

“Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн Монгол улсын үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг хангаж, малчдад амьжиргааны баталгаа болсон мал сүргээ даатгалын замаар хамгаалах боломж олгосон “Малын индексжүүлсэн даатгал” төслийн үйл ажиллагааг манай компани амжилттай хариуцан хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн өөр нэгэн салбар болох газар тариалангийн даатгалыг шинээр нэвтрүүллээ.  

Эдийн засгийн нэгэн хөдөлгөгч хүч болон хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй эрхэм хэрэглэгчиддээ олон улсын жишигт нийцсэн давхар даатгалын найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож, санхүүгийн аюулгүй байдлаа хамгаалахад нь итгэлт анд болох, цаашилбал Монгол улсад давхар даатгал хэмээх нэгэн шинэ тогтолцоог хөгжүүлж, санхүүгийн салбарын хөгжлийг шинэ шатанд авчрах эрхэм зорилгын дор манай компанийн хамт олон нэгдэн ажиллаж байна.

Манай улсын хүн ам 3 сая давж, улсын хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ эрсдэлгүй, тогтвортой хөгжүүлэх шаардлага улам нэмэгдэж байгаа бөгөөд үүнд даатгалын гүйцэтгэх үүрэг өндөр гэдгийг дэлхийн улс орнуудын туршлагаас харж болно.

Бидний өмнө хийж бүтээх арвин их ажил, хүсэл тэмүүлэл байна. Зорьсон зорилгоо амжилттай хэрэгжүүлэхэд гагц бидний хүчин чармайлт бус нийт хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй хүн бүрийн хамтын хичээл зүтгэл, дэмжлэг чухал үр нөлөөтэй билээ. Миний бие болон манай компанийн хамт олон та бүхний хүсэл, шаардлагад нийцсэн давхар даатгалын үйлчилгээг хөгжүүлж, таны хэрэгцээг цаг үргэлж давуулан биелүүлэх болно гэдэгтээ итгэлтэй байна.

Таны ажил үйлс, амьдралд хамгийн сайн сайхныг хүсье!

“ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ” ХК
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Г.ЭНХТАЙВАН  

Компаний тухай

Монгол улсын засгийн газар мал аж ахуйг эрсдэлээс хамгаалах шинэ тогтолцоог бий болгохоор 2005 оноос Дэлхийн банктай хамтран Малын индексжүүлсэн даатгал төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд малчин ард иргэдэд ашиг тусаа өгсөн үр өгөөжтэй ажил хэрэг болж, олны талархлыг хүлээсэн.

 Иймд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна” гэсэн МУ-ын үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг хангаж, “Малын индексжүүлсэн даатгал” төслийг цаашид үргэлжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн Газраас санаачилсан “Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцэж, 2014 онд батлан, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн ба төслийн үйл ажиллагааг “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компани хариуцан хэрэгжүүлж байна.

 Даатгалын бүтээгдэхүүний хувьд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь малын индексжүүлсэн даатгалыг хийхээс гадна газар тариалангийн даатгалын бүтээгдэхүүнийг боловсруулж, тариалан эрхлэгч хувь хүн, аж ахуй нэгжүүдийг эрсдэлээс хамгаалах зорилт тавин ажиллаж байна.


“ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАВХАР ДААТГАЛ” ХК-ийн

Алсын хараа

Монгол Улсын даатгалын тогтолцоог олон улсын жишигт нийцсэн давхар даатгалын үйлчилгээгээр хангана.

Эрхэм зорилго

Монгол улсын хөдөө, аж ахуйн салбарыг бүхэлд нь хамарсан эрсдэлийг хамгийн бага түвшинд бууруулах замаар иргэдийн ажил эрхлэлтийг дэмжиж, хөдөө аж ахуй, санхүүгийн салбарын хөгжлийг шинэ шатанд авчрахад оршино.

Үндсэн зорилго

Даатгагч, даатгуулагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, зах зээлд өрсөлдөх чадвартай давхар даатгалын бүтээгдэхүүнийг санал болгон, худалдах замаар оролцогч талуудын нийтлэг эрх ашгийг хамгаалж, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнийг өсгөхөд оршино.

Зорилт

  • Малчдын амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоог боловсронгуй болгоно.
  • Монгол Улсын давхар даатгалын чиг хандлагыг тодорхойлогч компани байна.
  • Дотоодын давхар даатгалын санхүүгийн чадавхийг бэхжүүлнэ.
  • Даатгалын зах зээлд тогтвортой оршин тогтнож, байгууллагын санхүүгийн тогтвортой өсөлтийг хангаж ажиллана.
  • Олон улсын давхар даатгагчдын гүүр болж, олон улс дахь бизнесийн харилцаагаа өргөжүүлнэ.
  • Үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөдөө аж ахуйн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай хүргэнэ.
  • Даатгалын чадварлаг боловсон хүчинг бэлтгэнэ.
“Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компани нь хөдөө аж ахуйн давхар даатгалын үйл ажиллагаа эрхлэх ашгийн төлөө, төрийн болон хувийн өмчийн оролцоотой хувьцаат компани байх бөгөөд. хувийн өмчийн оролцоог Компанийн дүрэмд заасан зарласан хувьцааг гаргах замаар нэмэгдүүлнэ.  Тус компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө болон алдагдлаас хамгаалах санг бүрдүүлэх хөрөнгийг улсын төсвөөс олгохоор хуульчилсан бөгөөд хувьцаа худалдан борлуулсны орлого, хуримтлагдсан ашиг, хуульд заасан бусад эх үүсвэрээр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, зах зээлийн зарчмаар ажиллана.

Компанийн Бүтэц зохион байгуулалт

“Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь Андеррайтингийн газар, Бизнес хөгжил, төслийн газар, Экспортын даатгалын газар, Хөрөнгийн удирдлага, нөхөн төлбөрийн газар, Санхүү, удирдлагын газар гэсэн 5 газар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулна.


Газрууд

Андеррайтингийн газар:
Андеррайтингийн газар нь дараах чиг үүрэгтэй:

  1. Компанийн давхар даатгалын үйл ажиллагааг зохион байгуулж, давхар даатгалын гэрээ байгуулан, даатгагч нарын давхар даатгуулах эрсдэлийн үнэлгээг /андеррайтинг/ хийх;
  2. МИД-ын бүтээгдэхүүний эрсдэлийн үнэлгээ, давхар даатгалын хураамж болон оролцогчийн  хураамжийн тооцооллыг хийх;
  3. Орон нутаг дахь даатгалын төлөөлөгчид, мэргэжилтнүүдтэй харилцаж ажиллах;
  4. Давхар даатгалын бүтээгдэхүүнтэй холбоотой актуар тооцооллыг хийх;
  5. МИД болон бусад давхар даатгалын бүтээгдэхүүний бүртгэл, эрсдэл тооцооллын програм хангамжийг боловсруулах;
  6. Ажилтнуудын компьютерт зайлшгүй шаардлагатай болон хэрэгцээтэй бүртгэлийн, системийн болон хэрэглээний программ хангамжийг суулгаж өгөх, компанийн цахим хуудасны мэдээллийг сүлжээнд оруулж, олон нийтэд хүргэх, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, засвар үйлчилгээг хийх;
  7. Оролцогч даатгалын компаниуд болон зуучлагч банкуудтай хамтарч ажиллах;


Бизнес хөгжил, төслийн газар

Бизнес хөгжил, төслийн газар нь дараах чиг үүрэгтэй:

  1. Даатгалын шинэ бүтээгдэхүүний загварыг гаргах;
  2. Тариалангийн даатгалыг хэрэгжүүлэх;
  3. Зах зээлийн болон эрсдэлийн судалгаа хийж шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж турших ажлыг хийж хэрэгжүүлэх;
  4. Туршигдсан бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах ажлыг зохион байгуулах, давхар даатгалын бүтээгдэхүүний судалгаа шинжилгээ хийж, мэдээлэл боловсруулах;
  5. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шаардлагатай судалгаа хийх, төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тооцоолол хийх, батлуулах, зарцуулалтанд хяналт тавих;
  6. Олон улсын болон дотоодын төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  7. Компанийн сургалт сурталчилгаа, гадаад харилцаа болон хамтын ажиллагааг бэхжүүлэх;
  8. Компанийн бизнесийн стратеги, төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах;


Экспортын даатгалын газар

Экспортын даатгалын газар нь дараах чиг үүрэгтэй:

  1. Экспортын даатгалын зах зээл дэх жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд буюу даатгуулагчдад чиглэсэн дэлгэрэнгүй судалгааг боловсруулах;
  2. Экспортын зах зээлд тулгарч буй үндсэн эрсдэлүүдэд дэлгэрэнгүй шинжилгээ хийх;
  3. Даатгуулагчдын шаардлага, хэрэгцээнд нийцсэн экспортын зээлийн даатгалын бүтээгдэхүүнийг боловсруулах;
  4. Бүтээгдэхүүнийг хөгжүүлэхэд шаардлагатай андеррайтингийн журам, эрсдэлийн удирдлагын зарчим, үнэлгээний аргачлал, актуар тооцоолол, нөхөн төлбөрийг олгох явц, даатгалын өргөдлийн маягт, загварууд, даатгалтай холбоотой бусад баримт бичгийг боловсруулах;
  5. Шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлэх үүднээс олон улсын нэр хүнд бүхий байгууллага, зөвлөх, мэргэжилтэний сургалтад хамрагдаж туршлага, ур чадвар эзэмших;
  6. Олон улсын болон төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх;


Хөрөнгийн удирдлага, нөхөн төлбөрийн газар

Хөрөнгийн удирдлага, нөхөн төлбөрийн газар нь дараах чиг үүрэгтэй:

  1. Компанийн дүрмийн сангийн хөрөнгийг холбогдох зохицуулалтын хүрээнд удирдах;       
  2. Эрсдэлийн сангууд болох алдагдлаас хамгаалах сан, хамтын эрсдэлийн сан, дээд болон дунд түвшний эрсдэлийн сангуудыг бүрдүүлэх, удирдан зохион байгуулах;
  3. Компанийн хөрөнгө оруулалтын орлогыг бүрдүүлэх, шийдвэрлэх;
  4. Нөхөн төлбөрийн тооцоолол хийх, даатгуулагчдад нөхөн төлбөр олгох асуудлыг хариуцах;
  5. Хөрөнгө оруулалтын сувгийн судалгаа хийх;


Санхүү, удирдлагын газар

Санхүү, удирдлагын газар нь дараах чиг үүрэгтэй:

  1. Хүний нөөцийн бодлого, ажилтнуудын эрүүл мэнд, нийгмийн асуудал, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой аливаа асуудлыг хариуцан зохион байгуулах;
  2. Компанийн жилийн санхүүгийн болон үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийн төслийг боловсруулах, батлуулах, нягтлан бодох бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг ханган ажиллах;
  3. Компанийн худалдан авалтын үйл ажиллагаа, ажлын байр, техник хэрэгсэл, эд зүйлийн хангамж, бүртгэл, хадгалалт, хамгаалалтыг хариуцан зохион байгуулах;
  4. Компанийн үйл ажиллагааны тайлан гаргах, нэгтгэх;
  5. Компанийн дотоод нэгжийн үйл ажиллагааг уялдуулах, бичиг хэргийн хөтлөлт, удирдлагад туслах ажил үүргийг гүйцэтгэх;